Monday, December 10, 2007

Бэр гуйгдсан нь

Өнөөдөр 2007,12,10-ны өдөр...
Дашнямтай шар бар өдөр 10,30 мин...
Нэг л эвгүй. Гэхдээ нэгэнт л хүний хүн болох юм чинь гэж бодож өөрийгөө тайвшруулж бас зоригжуулахыг оролдоно. Манайхан бүгд шахуу цуглаж өглөөний 9,00-с эхлээд л бэр гуйх хүмүүсийг хүлээж гангар гунгар ярилцан суусан. Ганцхан Эрдэнэт хотод байдаг нагац ах минь л ирж амжаагүй. Ирэх байсан боловч ажилынх нь дарга чөлөө өгөөгүй тул нагац эгчид минь мөнгө явуулж бэлэг авч надад өгсөн. Чихэнд минь гялалзсан Опаль шигтгээтэй монетон ээмэг хэдий сайхан ч ахын минь нөмөр нөөлөг, өмөг түшгийг яахин гүйцэх...
Өнөө хүртэл аав гэдэг хүнийг хааяахан дурсаж хаа юу хийж явдаг бол хэмээн боддог байсан боловч өнөөдөр л урьд урьдынхаас илүүтэйгээр үгүйллээ. Ийм л үед хүний эцэг хүн хамгаас илүү чухал байдаг гэдгийг л ойлгож авлаа. Бас хэдий ийм эцэгтэй ч ийм сайхан ээжтэйдээ үнэхээр баярлаад баршгүй ээ. Эвий минь байгаагаараа байхын гайхамшгийг ээжээсээ л олж харлаа. Зүгээр л байгаа нь л сайхан тийм ээжтэй хүн дээ би. Бас ээжийгээ туйлгүй ихээр өрөвдөв. өгөх барих юмаа олж ядаж, дайлах цайлах гэж ядах ижийгээ хэзээ жаргааж хэзээ сэтгэлийг нь амраах хүн бэ би? Сургуулиа төгсөөд цалинтай болоод ээжийгээ баярлуулна гоё юм авч өгнө гэж боддог байлаа. Гэхдээ төгсөөд жил ажиллахдаа ээжээ баярлуулах юм хийсэнгүй дандаа л өөртөө тэрэнд энэнд гээд дэмий баахан өөрийгөө л зугаацуулжээ би. Би гэдэг хүн гэнэт л ухаантай ухаантай юм ярина, гэнэт л мунхаг мунхаг зан гаргана. Хүн шиг хүн байхсан ээжий шигээ ээж болох юмсан гэж хүсэж байна. Удахгүй төрөх бяцхан үрээ хайрлаж, элэг бүтэн, аз жаргалтай, ухаантай, мэдлэг чадвартай, гэр бүлсэг хүн болгохсон гэж хүсэж байна. Өнөөдөр ээж минь цухасхан эмээ өвөө хоёрыг минь дурслаа. Миний аав ээж 2 сайн хүмүүс байсан гэж. Төрсөн дээр минь 2 жил тутам аваачиж уулзуулдаг байсан болохоор би төрсөн ах дүү нараа сайн мэддэг болж өссөн юм аа гэж. Сайн хүмүүсийг үр хүүхэд ач гуч нар нь байнга дурсан санаж үгүйлж байдаг юм байна. Би ч бас эмээгээ санасаар л байсан. Эмээ минь байсан бол хичнээн эрт босоод ирэх байсан бол, хэдэн өдрийн өмнөөс хувцасаа бэлдээд хэлэх ярих үгээ бэлдээд тоглоом наадам хийгээд яаж баярлаж байх байсан бол гээд л... хар өглөөгүүр босч данх саваа тачигнуулж цайгаа чанаад эгээ Амгаа ах 2-г хурдал тэр хэд минь сандарч байгаа гээд л үглэж өгөх байсан даа. Аль зун л надад миний том нүдтэй охиныг хэзээ гуйх гэж байна? эмээ нь очоод хойморт нь сууж байна аа. Ганц байхад нь аваагүй одоо 2 хүн болцон, тийм ч амар өгөхгүй шүү гээд очих болгонд минь шахуу яридаг байсансан. Хөөрхий минь үзэж чадсангүй дээ. Гэхдээ би удахгүй төрөх үрээ хүү байвал миний эмээ надад эргээд ирж дээ л гэж бодох болно. Алтан хайрцаган дээр нь гарахдаа төрөл садандаа эрдэм номтой эр хүн болж ирнэ гэж гарсан байсан. тэгээд өнөөдөр сууж байхдаа гэдсээ илээд эмээ минь эргээд ирсэн байх гэж үнэхээр ихээр итгэхийг хүссэн. Гэхдээ юмыг ямар урьдчилан хэлж чадах биш үр минь охин байвал би адилхан л хайрлана. Ерөөсөө амьнаас минь тасарсан амь, биенээс минь тасарсан бие, хайрын минь үр ханийн минь удам ямар ч байсан эх хүний нинжин сэтгэлээр хайрлах л болно. Одоо хамаг сэтгэлийг минь баясгаж хайрыг минь булаасан энэ өчүүхэн амьтан амьдралын минь утга учир шиг, хамаг сэтгэлийн минь тайвшрал шиг, өмөг түшиг минь юм шиг, ганцаардахад минь хань, гутрахад минь баяр баясал минь болж намайг тайвшруулж, жаргааж, баярлуулдаг. Би хааяа хааяа өөрийн эрхгүй миний үр гэж байгаад л ярьж гарна. Хааяа өхөөрдөнө. Хааяа хурдан гараад ирээсэй гээд л хүснэ. Эх байх сайхан байх. Эх болох гэж тэсэн ядан хүлээж байгаа надад л жаргалтай байна. Удахгүй үр чамтайгаа нүүр тулан уулзаж халуун сүүгээ ивэлгэж, хорвоотой танилцуулах болно. Хамаг муу муухай бүхнээс чадахаараа хамгаалж, сайн сайханыг үр чамдаа авчрахыг хичээнэ. Сэтгэл хөдлөөд нулимс дуслуулах нь ээ.

No comments:

Post a Comment